Ц.Элбэгдоржийн хийсэн ажлын гавъяаг Монголын ард түмэн мартах учиргүй..

Монгол Улсын иргэн би үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж нэг хүний тухай
яримаар, бичмээр, бүр сэтгэлээ илчлэх ч эрхтэй. Үүнийгээ ардчиллын буян гэж боддог. Ардчилсан намын биш шүү. Энэ үгээ хэлснээс хойш намайг уншдаг байсан хүмүүсийн үнэлэмж унах, босох нь дараагийн асуудал. Харин тэр хүний талаарх миний үнэлэмжийг нэг ч атугай хүн харж, түүхэнд үлдээсэй, үнэн бодит байдлыг дүгнээсэй гэсэндээ тэр.
Монголын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж дэлхий дахинд хэн байв?

Монгол Улсын иргэн би үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж нэг хүний тухай яримаар, бичмээр, бүр сэтгэлээ илчлэх ч эрхтэй. Үүнийгээ ардчиллын буян гэж боддог. Ардчилсан намын биш шүү. Энэ үгээ хэлснээс хойш намайг уншдаг байсан хүмүүсийн үнэлэмж унах, босох нь дараагийн асуудал. Харин тэр хүний талаарх миний үнэлэмжийг нэг ч атугай хүн харж, түүхэнд үлдээсэй, үнэн бодит байдлыг дүгнээсэй гэсэндээ тэр.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамад “нүүрээ таглуулчихаад” малийтал инээж зогссон Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Д.Трампын үед нүүр бардам ажлаа өгөх гэж байна. Энэ хооронд түүнд юу тохиолдсон бэ?

2016 оны аравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Би тэр үед төрийн байгууллагад ажиллаж байгаагийн хувиар очиж оролцож чадаагүй. Харин энэ уулзалтыг телевизээр үзэх, вэб сайтаас унших боломж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр “Яг үнэндээ бол Монгол Улс, маргааш хийх ажилд л би санаа зовж байна. Түүнээс биш өөрийн ажил юм уу, өнгөрсөн үйл явц, миний мөр, миний хийсэн ажил яаж үлдэх бол гэдэг дээр би огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ.

Монголын улс төрд юу хэрэгтэй вэ? Эдийн засагт нь юу хэрэгтэй байна. Нийгэмд нь юу хэрэгтэй байна. Ард түмэнд юу дутаж байна. Ард түмний улс төрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй юм.  Хүмүүсийг ажилтай болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ, хэдэн жилийн дотор шийдэх вэ? Олон жил зүтгэсний хувьд би харж байна.

Олон улсад яах юм бэ. Хоёр хөрштэйгээ яаж харилцаад явах юм. Бүс нутагтаа ямар байдалтай байх юм. Ямар боломж байгаа юм. Ямар боломжууд өнөөдөр Монголыг тойрч алга болоод байна. Та бүхэн харж байгаа биз дээ,  Владивостокт юу болсныг. Японы Ерөнхий сайд нь Владивостокийн уулзалтад очоод, дээр нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч очоод, В.Путин Ерөнхийлөгчтэй гар бариад, Монголын зүүн талаар явах тэр бүх дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна. Монгол орхигдож байна шүү дээ.

Үүнийг Засгийн газар харж, ярьж байх ёстой. Манай баруун талаар дамжаад, Казакстанаар дамжаад, Европ руу гардаг бүх дэд бүтэц  явж байна. Үүнийг бид ярьж, хоёр хөрштэйгээ ойлголцоод явж байх ёстой. Түүнээс биш “Энд буруу шийдчихсэн юм шиг байна. Энд буруу бичиг явуулсан байна” гэх шиг. Дотроо нэгнийхээ сэтгэлд янз бүрийн юм хийж болно л доо. Гаднын хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлд үндэслэлгүйгээр ямар нэг муу юм хийх шаардлага байхгүй л гэж бодож байна” гэсэн байв.  Мөн “Монгол Улсын хувьд өвөрмөц орон. Тийм учраас гадаад харилцаагаа улам идэвхжүүлэх хэрэгтэй. Үнэхээр Монголын жин, Монголын хамаарлыг олон улсад нэмдэг байх ёстой. Энэ чиглэлд идэвхтэй ажиллах ёстой, цаашдаа ч төлөвлөж, хийх гэж байгаа зүйлүүд байгаа. Үүнд АСЕМ-ыг багтааж хэлсэн байлаа.

Түүнд саналаа өгч сонгосон иргэн миний хувьд яагаад ч юм бэ, Төрийн тэргүүнтэйгээ л “үзэлцээд” байдаг гэмтэй нэгэн. Түүний шийдвэр популист, ойворгон, огцом байдаг болохоор ч тэр үү яаж ийгээд шоглочих гээд байдаг байлаа. Харин дээрх яриаг өөрийн амаар ярьснаас нь хойш Ц.Элбэгдорж гэдэг хүнд Монголын төлөө цохилох зүрх байна, тэр нь бусдынхаас юугаараа өөр байна вэ. Ер нь өнгөрсөн найман жилийн хугацаанд тэр зөвхөн гадаад харилцаа талдаа юу хийчихэж вэ гэдгийг онцлон сонирхлоо.

Төрийн тэргүүн бүрийн сүүлийн жил тун амаргүй байдаг нь ажиглагддаг. Иргэд “шинэ” Төрийн тэргүүн хэн байх вэ гэдэгт яардагийнх уу, эсвэл уйдамтгай, сониучаасаа болдог уу зөвхөн улстөрчид гэлтгүй хэн хүнгүй томилгооны сурагаар чихээ сортойлгодог нь үнэн. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй”. Гэхдээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дахин сонгосон нь ажлаа тун гайгүй хийгээд байгааг үнэлж итгэсэн мэргэн түмний сонголт байлаа. Тэр ч урмыг нь хугалсангүй.

Юуны өмнө дэлхийд Монголыг хэн болгов гэдэг дээр фокусаа тааруулж харъя. Түүний өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь “дэлхийн хүн” гэгдэх  мөрөөдөл тээж “дипломатчик” алхмууд хийж бас чиг олон орны улстөрчдийн анхааралд өртсөн байсны хувьд энэ өнцгөөс харах сонирхолтой байна.

“Шоучин” гэгчддэг  Ц.Элбэгдорж маань анх Ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа л “Дэлхийд Монголын төр иргэнээ цаазалдаггүй орон боллоо”  гэж тунхагласан. Энэ зоримог шийдвэрээс  нь хойш “Цаазалбал таарна” гэмээр хэрэг олон гарсан боловч төр төмөр нүүрээ ч, ивээлээ ч хайрлаж чаддаг онцлогтой, хүний эрхийг дээдэлсэн орон гэдгээ олон улсад зарласан явдал байв.

Цаашилбал түүний зоримог шийдвэрээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Ардчиллын боловсрол” тогтоолыг санаачлан батлуулж ардчиллын сүлжээг бүс нутагтаа байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. Түүний санаачилсан “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” санаачилгын үеэр дэлхийн 104 орны  1215 нэр хүндтэй төлөөлөгч Монголд ирсэн томоохон арга хэмжээ болов. Улс бүхэн өөр өөрийн зовлонтой. Тэр бүр “Монгол яаж байгаа бол” гэж санаа зовоод байна гэж үгүй. Бүр зарим нь Чингис гэдгээс цааш, эсвэл Оросын дараах коммунизм өөд мацсан орон гэдгээс өөрөөр мэддэггүй хэвээр гэдэг нь үнэн шүү дээ. Гэтэл өнөөх Монгол нь Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлыг тус тус даргалахад гайхсан реакци ажиглагдаж л байсан.

Түүнчлэн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед 148 оронтой дипломат харилцаатай байсан  бол өнөөдөр НҮБ-ын гишүүн улсаас дипломат харилцаа тогтоогоогүй орон 14 л үлджээ. Зургаан жилийн дотор 33 оронтой харилцаа тогтоосон, одоо гурван улстай дипломат харилцаа тогтоох асуудал УИХ дээр байна. Энэ бол тун амаргүй үзүүлэлт гэж гадны шинжээчид дүгнэсэн байх юм.

Харилцаж л байвал хамаагүй буюу харилцаа бүхэн найрсаг байна гэвэл өрөөсгөл дүгнэлт. Нэг талын мэдэгдэл, шаардлага, нөхцлийг харилцагч тал хүндэтгэж харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэг бол харилцааны нандин чанар яах аргагүй мөн. Тухайлбал тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хоёр жилийн дараа буюу 2011 оны есдүгээр сарын 9-нд 184 дүгээр зарлигаа гаргаж, НҮБ-ын 67 дугаар чуулганы индрээс ч мэдэгдэл хийсэн нэг гол сэдэв бол олон жил хардлага сэрдлэгийн бай болсоор ирсэн Цөмийн хаягдлыг Монголын газар шороонд булахгүй байх тухай юм. Хэн, хэзээ булах бол, ялангуяа эдийн засгийн хүндрэл, хямралтай үедээ ам.доллараар гэрээ хийгээд хөрсөндөө хор булчих вий гэдэг хардлага ийнхүү эцэс болсон. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон баталгаажуулж гарын үсгээ зурлаа. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 52 дахь гишүүн орон нь болж элссэнээр манай улсын гадаад дахь нэр хүнд, аюулгүй байдал, хамтын ажиллагааны цар хүрээ нэмэгдэж Монголыг Азийн хүрээнд биш, хоёр хөршөөр нь биш, Монгол Улс гэдгээр нь харах боломжийг нэмэгдүүлсэн юм. Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга ч бас л нутгийнхан нь тоогоогүй ч гадныханд үнэлэгдсэн ажлуудынх нь нэг бөгөөд бүс нутаг, олон нийтийн дэмжлэгтэйгээр Монголн хаягтай идэвтэй механизм болон хэрэгжиж буй ажил билээ.

Хоёр хөршийн хувьд ч гэсэн Ерөнхийлөгчийн идэвхүүлсэн ажиллагаа, байр суурийг хангалттай гэж хэлж болно. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг санаачилж зохион байгууллаа. Жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ дээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаад “Эрдэнэт” үйлдвэрийн талаар асуухад “Энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явчихаж чадна гэдэгт би итгэж байгаа” гэсэн байдаг. Энэ нь хоёр орны дээд түвшний харилцан итгэлцэл хамгийн сайн үедээ байгаагийн илрэл. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтад ирэхдээ “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлсэнийг хэвлэлүүд  хүргэж байлаа. “Өр тэглэсэн” гэдэг гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “баларшгүй нэг гавьяа” байдагийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч давтаж хуучин өрийг тэглэсэн. Энхийг сахиулах үйл ажиллагаа ч үргэлжилж буй. Тав дахь Ерөнхийлөгчийн үед ч үргэлжлэх биз.Төрийн залгамж чанарын нэг илрэл энэ учраас хэн нэгэн таслан зогсоох ч үгүй болов уу.

Харин байгаагүй зүйлийг бий болгоно гэдэг өөр. Гацаж байсан асуудлыг гацаанаас гаргавал гавьяа. Монгол Улсын иргэд ОХУ-д визгүй зорчдог болсон. Ингэснээр жил бүр хойд хөрш рүү зорчих манай иргэдийн тоо хоёр дахин өссөн гэдэг үзүүлэлт харагдаж байна. Бас гуравдагч хөрш буюу манай хамгийн зүдэрч явсан үе бүхэнд маань түшиж байсан Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, олон асуудлыг шийдсэний дотор  дипломат паспорттой монгол иргэдээ визээс чөлөөлж, энгийн паспорттой иргэддээ олон удаагийн виз олгохоор болсныг дурдаж болно.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай арав гаруй удаа уулзсан гэдэг. Үүнээс хамгийн үр дүнтэй нь Өмнөд хөршийн хувьд БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны Төрийн тэргүүний төрийн айлчлал амжилттай болж өнгөрсөн. Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт, санхүү, банкны салбарт свотоор дамжаад оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа аль ч орноос илүү байгаа. Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, санхүү, банкны салбарт хамгийн том хамтран ажиллагч энэ оронтой бид өөрсдийн дүрмээр, тодруулбал Үндэсний аюулгүй байдлын өөрийн үзэл баримтлалтайгаар “тоглох” нь чухал болоод байна.

Дашрамд дурьдахад, Ерөнхийлөгчөө “Хятадыг дэмжигч”,“Оростой холбоотой”, эсвэл “ХХБ-ны хувьцаа эзэмшигч”, “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтад оролцсон” гэхчлэн хардаж сэрдэх явдал олонтаа  гарч байсан. Ийм таамаглал дэвшүүлэх эрх хэвлэлийнхэнд бий. Би ч энэ эрхээ ахиухан эдэлчихдэг нэгэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд түүний үг түүхэнд баттай баримт болж үлдэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар, “Хятадын банк гэдэг байгууллага Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос Хятадын банк, санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны, зохих түвшинг хангасан, боломжтой, оръё гэж байгаа байгууллага байгаа бол, манайд санхүү орж ирээгүй, манайд хөрөнгө оруулаагүй улс орон сонирхож байгаа бол оруулах хэрэгтэй”, “Надад ХХБ-д хувь хувьцаатай байх, хуйвалдах ямар ч шаардлага байхгүй. Би та бүхэнд нэг зүйл хэлье. Хувь хувьцаа эзэмшдэг нь байтугай, Монголд өнөөдөр хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ хяналтад байгаа шүү. Олон улсын санхүү, мөнгөний гүйлгээ, хар, бор мөнгө явж байна уу гэдэг энд ёстой нөгөө шилэн данс гэдэг шиг хяналтад байгаа. Өмнө нь ам.долларын ханш гайгүй байхад 20 мянган ам.доллараар хязгаарласан байсан. Одоо ханш унаад 10 мянган ам.доллар байгаа шүү дээ. 10 мянган ам.доллараас дээш ямар нэгэн асуудалтай гүйлгээ, ямар нэг зүйл хийгдсэн байгаа бол Монголбанк хамгийн түрүүнд хянаж байгаа. Би нэг зүйл хэлье. Тэр тушаал гаргасан Сангийн сайд нь байж байна. Шийдвэрийг Засгийн газар дээр гаргасан Ерөнхий сайд нь байж байна. 49 хувийг оруулж ирсэн гэж байгаа аж ахуйн нэгжийн нөхөд байж байна. Бүгдийг дуудаж ирээд УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй” гэсэн юм. Тэгэхээр “хардагчид” ажлаа бүрэн гүйцэд хийхгүй байгаа биз.

Харин өнөөх нарийн, өргөн царигийн төмөр зам БНХАУ, ОХУ-ын алинтай нь дотно түнш болох вэ дээрээ тулаад өнгөрөв дөө, одоо бүх зүйл өнгөрсөн. Бидэнтэй бидэнгүй тойруулаад шийдчихлээ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмөр зам дээр ганц юм хэлье. Бид өөрсдөдөө итгэмээр байгаа юм. ЗХУ 1990-ээд оны эхээр задарч байхад бүх хамтарч ажиллаж байсан гадна дотнын улсууд, тусгаар байсан ч улсуудад төмөр замын оролцоо байсан байх. ЗХУ 15 улс болж задрахад бүх улсад төмөр замыг нь 100 хувь буцааж өгсөн байдаг. Монгол Улс бас ЗХУ-тай маш ойрхон, дагуул орон гэж ярьдаг байлаа. Тэр үед монголчууд төмөр замаа аваарай гэсэн. Өнөөдөр 50:50 хувь гэж яригдаад байна шүү дээ. Тэгсэн тэнд байсан зарим хүн “Орос ахгүй бол бид яаж төмөр замаа авч явах вэ дээ. Чадахгүй” гэж хэлээд буцаасан байдаг. Одоо бол яаж ч уйлаад төмөр зам Монголын ААН-д 100 хувь ирнэ гэж байхгүй.

Одоо ОХУ-ын талаас төмөр зам дээр гэрээ хэлэлцээрийг шинэчилье. Зах зээл рүү оруулъя. Шинээр төмөр зам барихад хамтарч ажиллая гээд энэ ажлууд явж байгаа” гэж хариулсан юм. Үүгээр Ц.Элбэгдоржийг ХХБ-тай, Эрдэнэттэй, бас төмөр замтай хардах хардлага өндөрлөсөн гэж ойлгогдож буй учраас үүнийг сануулан онцолж энд бичив. 

Миний зүгээс ноён Ерөнхийлөгчөө хамгийн ихээр хардсан буруутгасан зүйл маань АСЕМ байдаг юм. АСЕМ-ын чуулганыг яах гэж хийв, хэчнээн их хөрөнгө зарцуулав, тэр мөнгө хаашаа хэний компани руу урсав гэж...Харин тэр хариултыг минь хангалттай өгснийг нийтлэлийнхээ эхэнд дурьдлаа. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг юм байна. Тэр их холыг харж, би их ядуу учраас тухайн үеийн Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарч буй мөнгөнд харамсаад байж, үр дүн нь хожим, магадгүй энэ хүнд хэцүү үед маань ч ирж мэдэх юмсанж.

Түүнээс биш усны асуудлаарх олон улсын санаачилгад манлайлсан, дэлхийн усны сүлжээний удирдах зөвлөлд сонгогдож НҮБ-ын конвенцийн төслийг санаачлагчаар ажилласан, Монгол Улсын нэр хүнд, оролцоо, бодлогын үйл ажиллагааны бие даасан байдлыг бататгахад чиглэсэн “Азийн чуулган”, “Төвийг сахих” зэрэг санаачилгуудыг шүүмжлэхэд эртдэх төдийгүй боломж тун хаалттай, буруутгах аргагүй юм. Мөн Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний өмнө ирэх 15 жилд тулгамдаж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхий дахин болон бүс нутгийн санаачилгад идэвхтэй хувь нэмэр, оролцоотой орон болж чадсан, ЮНЕСКО-той хамтран хадны зураг, түүх соёлын өвийг судлах, хамгаалах төслийг санаачилсан, энэ талаарх Олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа зэрэг ололт үргэлжилсээр байна. Түүнийг “Батаар”-ыг Монголдоо эргүүлэн авчрахад анхаарч Арбитрын шүүх дээр ялахад нь мушилзаж байсан тэр хүмүүс  хожим нь монгол калиграфыг дэлхийн өвд бүртгүүлэхэд, Говьтех, Сэргээгдэх эрчим хүчний Азийн супер сүлжээ төслийг боловсруулах, нөөцийг ашиглах санаачилга гаргах, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санаачилгад идэвхтэй оролцох, энэ хүрээнд ард иргэдээ бэлэн байлгах зарлиг хүртэл гаргахад нь “шоолох”, шүүмжлэхээ больчихсон юм. Энэ бол үнэнд гүйцэгдсэнийх.

Түүний найман жилд хийсэн ажлыг түүхэнд бичиж үлдээх ёстой. Бичихдээ үнэнээр үлдээх үүрэгтэй. Найман жилийн хугацаанд сайн, муу үг дуулдалгүй яахав. Гэхдэээ жин дарах талаасаа худал үг үнэн үйлд гүйцэгдэж байвал сайнсан. Сэтгүүлч миний бие энэ талаас нь түүнийг хэн байсан, юу хийснийг тэмдэглэн үлдээхийг зорилоо. Үнэний өмнө бууж өгөх сайхан. Ичгэвтэр биш бахархалтай, тиймээс Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн Монголын бүх ард түмний дийлэнхийн саналыг авч найман жил ажиллаад ямар мөр үлдээснийг бодитойгоор тэмдэглэн үлдээх болно. Энэ бол түүний мөр...

Comments